Монгол ардын үлгэр

Арслантай мэргэн хаан

Эрт урьд цагт Арслантай мэргэн хаан гэж байж гэнэ.

Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ.

Бас ардаг хүрэн морьтой юмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ.

Ямар учраас ийм болов гэж бодтол гурван чоно идэж гэж санаад хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж алах гээд явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ:

– Арслантай мэргэн хаан хүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж алах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ.

Маргааш нь Арслантай мэргэн хааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа зугатаасан тул гүйцсэнгүй гэнэ.

Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаар хөөж алахаар бодоод гэртээ иржээ. Гэтэл үүнийг өнөө чоно бас мэдээд бусад хоёртоо:

– Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаараа биднийг хөөж алах гэж байна. Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөө зугатаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ.

Маргааш нь Арслантай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзан мориороо хөөхөд уруугаа зугатаж байгаад гэнэт өөдөө зугадсан тудд гүйцсэнгүй гэнэ.

Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж ална гэж бодоод харьж гэнэ. Гэтэл тэр шөнө өнөө чоно Арслантай мэргэн хааны адуунд байдаг адсага шиг туранхай ардаг хүрэн морийг идье гэж нөгөө хоёртоо хэлбэл:

– Энэ олон адуун дотор ороод адсага шиг туранхай энэ муу морийг идвэл арай азанд муу болох байх.

Иймд аль тарган сувай гүүнээс нь шилж иднэ гээд эс зөвшөөрч гэнэ. За тэгвэл Алтай хангайн ар орой дээр нэг уулзъя. Ардаг хүрэн морины нуруун дээр нэг уулзъя. Арслантай мэргэн хааны ар дал мөрөн дээр нэг уулзъя гэж нөгөө хоёр чонондоо хэлжээ.

Маргааш өглөө нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж, Алтай уулын ар орой дээр гүйцэж алаад арьсы нь ардаг хүрэн мориндоо тохож гэртээ ирж гэнэ.

Тэгээд арьсаар нь хүрэм хийж өмссөн тул тэр гурван чоно Алтайн уулын ард нэг, ардаг хүрэн морины нуруун дээр нэг, Арслантай мэргэн хааны ар далан дээр нэг, ингээд гурван удаа уулзсан юмсанжээ.