Үргэлжилсэн үгийн зохиол

Хөххүү- Б.Мягмаржав

“”Утгын чимэг 2016 ” наадмын 2-р байрын шагналт өгүүллэг

            Манай сумынхан нэгэн учир битүүлэг айдаст нэрвэгдээд дөрвөн жил гаруй болж байна. Энэ айдас эхлээд хоёрхон хүнд маш хүчтэй илэрсэн цагаас хойш халдварт өвчин мэт хүрээгээ тэлсээр одоо гучин хэд, дөчин хэд хэмээн сумаараа маргахад хүртлээ өсчээ. Энэ айдсын хорлонтой нь эрэгтэй эмэгтэй хүмүүс хос хосоороо тусдаг бөгөөд хамгийн гол нь тэр хоёр заавал нууцлаг нарийн холбоотой байж гэмээнэ хүчин төгөлдөр болдог хачин золиг. Тэгсэн мөртөө эхнэр нөхөр хоёрт огт халддаггүй нь гайхаш төрүүлнэ. Манай энэ айдаст өвчнийг хэн ч тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Хөл хорио тогтоогоод ч нэмэргүй. Хаа л бол хаанаас энэ өвчнийг тээгч олдож болно гэдгээрээ бүүр ч аюултай. Тэр ч байтугай талийгаач хүртэл тусч болдог энэ аймшгийг дарахад орчин үеийн шинжлэх ухаан ч  хүчин мөхөсдсөн билээ.

          Бүхэл бүтэн суманд айдас хуруулсан энэ явдал тэр жилийн хавар саамгар Дашийн Хөххүүг галзуурснаас үүдэлтэй болохыг сум даяараа мэднэ. “Таван онцын эзэн”, ангийн дарга байсан Хөххүү гэнэт галзуурч аймаг руу түргэний тэргээр явсансан. Сумынхан “Зодоон цохион хийж яваад тархи толгойдоо гэмтэл авсан уу? Хаврын элдэв саа дайрлагад өртсөн үү?, хайран хүүхэд толгой сайтай юмсан” гэх зэргээр нэг хэсэг ярилцаж байснаа тэгсгээд мартагдаж билээ.

          Тэр жилээс эхлэн Хөххүү хавар болгон сонгуульд нэр дэвшиж галзуурдаг болов. “Би сонгуульд бие даан нэр дэвшээд явж байна. Миний төлөө саналаа өгөөрэй. Яагаад гэвэл би энэ сумын бүх үнэнийг мэднэ” гэж ирээд л улс амьтан үймүүлж, бас миний мөрийн хөтөлбөр хэмээн сумын захиргааны гадаах самбар, дэлгүүр хоршоо, сургууль соёлын хашаа хорооны ханан дээр ухуулах хуудсаа наана. Сумандаа цор ганцаараа галзуу тэрнийг хүүхдүүд шоолж, хөгшид өрөвдөн, залуус зугаа наадам хийнэ.

           Гэтэл нэр дэвшигч Хөххүүгийн нэгэн ухуулах хуудас нь хамаг амьтны анхаарлыг тэр дор нь татаж орхилоо. Тэр хуудсан дээр юу гэж бичсэн бэ гэвэл. “Тал булаг” дэлгүүрийн эзэн ахар Лхагваагийн хүүхдийг сургуулийн манаач Жаргалын эхнэр Жавзан төрүүлсэн нь үнэн болно” гэсэн зарлал байлаа. Тэр хавар сонгууль болж таарсныг хэлэх үү. Тэгтэл манай Хөххүүгийн сурталчилгааны хуудас олныг хуйлруулж, нам намаас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг ёстой л нам дарж шуугиан тарьлаа.

         Энэ ухуулах хуудсыг үзсэн учир мэдэх хүмүүс аргагүй л таараад байна. Энэ золиг худлаа галзуурч байгаа нь гарцаагүй гэх боловч галзуу хүний хажууд галзуу гэж хэлдэггүйг санаад ч тэр үү? Хөххүүд хэлсэн хүн огт үгүй. Харин энэ хүмүүсийн талаар хаанаас мэдсэн юм бэ? гэж асуухад “төрийн нууц” гэчихээд улам ч албархана.

         Эхлээд хийх ажилгүй хэрэгт дуртай хэсэг хүмүүсийн бах тавыг хангаж байсан Хөххүүгийн сурталчилгааны самбар сүүлдээ сум даяар анхаарал татаж, өглөө болгон очиж үзэж шинэ мэдээлэл авдаг бараг л албан ёсны зарлалын самбар болж байлаа. Зарим хүний муу үзэхийг хүсэгчид “маргааш хэн хэн нэмэгдэх бол?” гэхдээ нойр нь хулждаг болоод байлаа. Дургүй хүргээд байвал Хөххүүд хэлж бичүүлнэ шүү гэж тоглоом шоглоомын завсарт бие биенээ сүрдүүлдэг болсон юм. Харин Хөххүү энэ мэтийн хов живийг үл тоож зөвхөн өөрийн олж авсан баримттай материал дээр үндэслэн ухуулгын самбараа ажиллуулна.

      Тэгж байтал өнгөрсөн хаврын нэг өглөө “Засаг дарга Болхоогийн таван настай хүүг хоёрдугаар багийн малчин Цэцэгмаа тэжээж байна” гэсэн сурталчилгаа гарсан нь сумын хөдөлмөрчдийг тэр чигт нь хуйлруулав. Энэ тухай ам ярианд итгээгүй нь заавал сумын төв орж тэр сурталчилгааг амьдаар нь харж байж сая нэг үнэмших жишээтэй. Малчдаа эргэхээр явахдаа засаг дарга Болхоо Цэцэгмаагийнхаар бууж морддогийг ч учир мэдэх хүмүүс жиг жуг ярих боллоо.

       Болхоо дарга энэ талаар хурал зөвлөгөөн дээр “Галзуу хүний үгийг битгий тоо” гэж хэдэнтээ хэлсэн боловч хэн нэг нь за ч гэсэнгүй бас үгүй ч гэсэнгүй, харин ч даргынхаа өөдөөс үнэнийг эрсэн нүдээр цоо ширтээд сууцгаадаг болжээ.  Хөдөлмөрчид ийнхүү дуугүй байгаа нь даргынхаа явдлыг зөшөөрсний тэмдэг болон хувирч байлаа.

            Болхоо дарга тэгэх тусам бууж өгсөнгүй. Аймаг руу өдөр болгон утасдаж байж Хөххүүг эмчилгээнд явуулаад сая нэг бүтэн амьсгаа авч эхлээд долоо ч хоноогүй байтал мөнөөх гайхал нь буцаад ирдэг юм байна. Учрыг лавлавал  хэл ам, хэлбэр дүрсээрээ галзуу боловч хорхойд хоргүй түүнийг хэд хоног байлгаж байгаад “орчиндоо аюулгүй” гэсэн дүгнэлтээр буцаан явуулжээ. Хөххүү аймагт байхдаа Болхоо даргатай холбоотой бас нэг чухам үнэнийг олж ирээд сумынханд дэлгэснээс болж Болхоо дарга арга буюу хадам дүүдээ ажлаа өгөөд өөрөө наймаагаа хөөх боллоо.

            Дэлгүүрийн эзэн Лхагваагаар эхэлсэн Хөххүүгийн сурталчилгаа сумын засаг даргыг ажлаа өгөхөд хүртэл нөлөөлөх замдаа яг ийм арав гаруй “жинхэнэ үнэн”-ийг сөхөн гаргаснаас таван гэр бүл салж сарнин хоёр тийш болж, одоо арваад айлын эхнэр нөхөр хэрүүл тэмцлийн шатандаа яваа ажээ. 

            Энэ явдлаас хойш манай сумын улс төрийн хүчнүүд эхлээд сөрөг хүчний талаас хэн нэгнийг ингэж илчлээсэй хэмээн битүүхэн хүлээдэг байсан бол яваандаа өрсөлдөгчөө унагахын тулд Хөххүүд захиалга өгөх гэж үзжээ. Гэвч Хөххүү “Би ямар ч нам эвсэлтэй нэгдэхгүй. Бүх сонгуульд бие дан нэр дэвшинэ” гээд огт халгаалгүй өдий хүрсэн юм. Тэгээд ч зогссонгүй  энэ хаврын сонгуулийн үеэр Хөххүүг нухчих юмсан гэсэн улс төрийн хүчин байхад зарим нь хамгаалалтад авах тухай ч яриад амжлаа.

           Энэ үеэр насаараа сонгуульдаа оролцож арав гаруй төрийн нүүр үзсэн туршлагатай сонгогч Гангаа өвгөн “Манай Хөххүү ч үнэнийг олж мэдэх шиг мэдэж, хэлэх шиг хэлнэ дээ. Уг нь сонгочихмоор байдаг. Даан ч галзуу юм даа” хэмээн ярьж явсан удаа бий.

           Манай суманд Хөххүү гэж нэг ийм галзуу одоо хүртэл байгаа. Заримдаа Хөххүү эрүүл харин бид галзуу юм биш биз? гэсэн хачин ёрын бодол төрөхөд зүүн урд зүг рүү гурав нулимчихаад явахад хэсэгхэн зуур сэтгэл санаа гайгүй болно. Тэгэвч үе үе ингэж бодогдоод байхаар нь би өөрөөсөө айж эхэлсэн юм.

         Тэгээд энэ айдас минь өдөр ирэх бүр улам нэмэгдсээр ерөөсөө хот орж Шархаданд үзүүлье гэж бодох боллоо. Тэгээд Хөххүүтэй хамт сонгуульд нэр дэвшчихсэн сумаар нэг сурталчилгаа хийж зүүдлэхдээ ямар их баяр хөөртэй явна гээч.

         Харин сэрсэн хойноо “энэ сумын хоёр дахь галзуу нь би юм биш биз?” гэж бодохоор ар нуруу луу хүйт оргино.

 2016.10.27