Яруу найраг

НОМЫН САН хэмээх БҮЛЭГ ШҮЛЭГ

Х.Нямхишиг

1.
Хуучин номноо уруул хүргэн шившээд
Хуруугаараа тэмтэрч олсон гурван үг
Хувь заяагаа зөгнөхөд минь хангалттай учраас
Хуврагийн сүм, 
бөөгийн урцнаа зорьсонгүй ээ, би.

Судрын гэрэлд зөнгөөрөө шамдах эрвээхийс
Суларсан үгсийг үсэг үсгээр нь зөөж
Эс мэдэгдэгч зүг рүү ниссээр байгаа
Энэ номын санд л зүрхээ үрнэм, би.

2.
Зүйрлэхэд, 
номын сангийн хамгийн доод тавиур
Зүүд шиг, биш ээ, бодол шиг, биш ээ,
Юу ч биш шиг ариун байдаг. Учир нь
Хүүхдийн гар тэнд бурханы гар шиг хүрдэг.
Дунд хавьцаах тавиур харин
Дурлал шиг, биш ээ, шунал шиг, биш ээ, 
Юу ч биш шиг тоосгүй байдаг. Учир нь
Хүмүүсийн гар тэнд чөтгөрийн гар шиг хүрдэг.
Нотлоход, хамгийн дээд талын тавиур
Нойрсолт шиг, биш ээ, дурдатгал шиг, биш ээ, 
Юу ч биш шиг мартагдмал байдаг. Учир нь
Хүний ч, 
бурханы ч, 
чөтгөрийн ч гар тэнд хүрдэггүй…
Жишээлэхэд, миний дотоод орон зай
Жирийн л тийм гурван тавиуртай!

3. 
Сүүлчийн бороо
Сүүдэр дээр минь орно.
Нойтон сүүдрээ чирсээр
Номын сан руу очно.
Нэгэн номноос, 
энд тэндээс нь гурван үгүүлбэр олоод
Нэмэн, нэмэн эвлүүлэхэд гоё шүлэг болно.
Тэнд, өлгүүрт нь сүүдрээ мартаж орхиод
Тээнэгэлзэн алхахуй 
Анхны цас…

Яруу найрагч Х.Нямхишиг, “Хөх цэгцгий жиргэнэ” шүлгийн түүвэр