Оновчтой уншлагаӨөрийгөө хөгжүүлэх

Номоор дамжуулан мэдэхгүй зүйлээ мэдэж авах сэтгэл ханамж нь хоол юм уу, шинэ хувцасны өгдөг баяр хөөрөөс өөр эрэмбийн аз жаргал

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гынхе бага, дунд ангид байхдаа дайн тулаантай зохиолд дурлах болжээ. Ямар сайндаа л “хичээл орж байх үеэр бушуухан гэртээ хариад номоо уншихсан гэсэн яарах өвчинд нэрвэгд”-эж байх вэ. Номонд дурлах, шимтэх гэж чухам үүнийг л хэлэх байх.

А.Дюмагийн “Шадар гурван цэрэг” романыг унших болгондоо хөөрөл догдлолд автдаг агаад хэдэн удаа уншснаа одоо санадаггүй ажээ. Уг зохиолоос Артеняны зоргийг биширдэг байв. Түүний номонд дурлах болсон нь эцэг болох ерөнхийлөгч Пак Жөн Хыд таалагдаж “жаахан хэцүү ч чи шимтэн унших байх” гээд “Гурван улсын үлгэр” хэмээх романыг унш гэж өгчээ. Гынхе “Гурван улсын үлгэр” номыг гартаа барьсан тэр өдөр үнэхээр шинэ ертөнцийн хаалга татах шиг болсон” хэмээх дурсчээ. Эцэг нь охиндоо уг номыг уншуулсан нь Солонгосчуудын “Гурван улсын үлгэр романыг гурвантаа уншаагүй хүнийг хүн болж төлөвшсөн гэхэд хэцүү хэрэг” гэж үздэг үзэлтэй холбоотой байв.

 

Тэрээр номын тухай “Номоор дамжуулан мэдэхгүй зүйлээ мэдэж авах сэтгэл ханамж нь хоол юм уу, шинэ хувцасны өгдөг баяр хөөрөөс өөр эрэмбийн аз жаргал байлаа” хэмээн тэмдэглэжээ.

Э.Хенигуэй, В.Шекспир зэрэг алдартнуудын зохиол бүтээлийг эх хэлнээс нь унших хэмжээнд англи хэлийг эзэмшсэн бөгөөд Франц, Испани хэлийг сурч эхэлжээ.

Тухайн үед эцэг Пак Жөн Хы дараах нэгэн шүлгийг бичсэн ажээ.

            ***

            Хөлс урсан

            Хүнгэнэн эргэлдэх суурь машины чимээ

            Хөг аялгуу адил надад сонстоно

            Өндөр зэрэглэлийн вагонд суугаад

            Франц шүлгийн түүвэр унших

            Залуухан бүсгүй минь

            Өөрөө би чиний

            Өөгүй цагаан гарыг харахад

            Дургүйцэх сэтгэл төрөх юм

 

Уг шүлэгт Пак Гынхед ч юм уу өөр хэн нэгэн бүсгүйн номонд хэт дурлаж, “цагаан гар”-лан амьдарч буйг дүрсэлсэн бөгөөд энэ бол залуухан охиныг өхөөрөн энхрийлэх эцгийн сэтгэл бус, улс орныг удирдан авч яваа Ерөнхийлөгчийн байр сууринаас харсан өнцөг юм.

Энэ бүхэн нь ирээдүйн тэргүүн хатагтай, Ханнара намын дарга, улс төрч, Ерөнхийлөгч Пак Гынхег бүтээхийн тулд Пак Жөн Хыгийн явуулсан албан бус сургалт байжээ.