Түүх, Хуучны баримт

МОНГОЛ НОМ МИН, ЧИН ГҮРНИЙ ХАРГИСЛАЛД

Хятадад монголын ноёрхол унах үед Мин улсын цэргийн хөлд ихээхэн монгол ном судар, тэмдэглэл, баримт бичиг сүйджээ. Энэ талаар зарим нэг жишээ дурьдвал Тогоонтөмөр хааны сүүлч үеийн монгол эрдэмтэн Баян, хятадын Хэнань мужаас олон зуун өрх айл дагуулан эх нутагтаа нүүж яваад Чжу Юаньчжаний бослогын цэрэгтэй дайралдаж, Баян эхнэртэйгээ алагдаж, ачиж явсан өдий төдий ном судар шатжээ. Баян бол эрдэм номд төгс хүн байснаас түүнийг «номын ариун багш» гэж нэрлэдэг байжээ. Тэрээр «Алтан улсын түүх»-ийг засварлан гүйцээж бичсэн байдаг. Эрдэмтэн Баяны амь нас алдах үед «татар хүнийг алж, татар үсэгтэй номыг шатаа»[1] гэдэг уриалгыг бүх хятад даяар тараасан байжээ. Тийм байдалд хичнээн их монгол ном судар үрэгдэж сүйдсэн нь тодорхой.

Чжу Юань-чжаний цэргийн жанжин Сюй Да, Хаанбалгасан (Бээжин) хотыг эзлэн авч хааны өвлийн ордыг бүслэх үед монгол номыг нэлээд хэмжээгээр сүйтгэсэн гэдэг яриа бас байдаг. 1381 онд Сюя Да жанжнаар удирдуулсан хятадын цэрэг Ордос нутагт довтолж дээрэм хийхдээ бас л монгол ном судар шатаажээ.

1410-аад оны үед Мин улсын Юн Лэ хааны цэрэг Хархорум хотыг эвдлэн шатаахад тэнд хадгалагдаж байсан түүхийн ховор сурвалж зохиол устжээ. Энэ бүх байдлаас болон бас бус шалтгааны учир Юан гүрний үеийн монгол судар үлэмж ховордож, зөвхөн хүмүүс гэрээрээ нууцлан хадгалах журмаар зарим бичиг зохиолыг авч үлджээ.

Манж Чин улсын Найралт төв, Тэнгэрийн тэтгэсэн хааны үед бас монгол ном зохиол шатаах нүгэлтэй ажлыг хийжээ. Энэ тухай «Дун-хуа-лу»-д бичсэн нь: «Юн Чжэн, Цяизв Луи хааны үед олон хуурамч монгол ном судар хэвлэсэн. Бас монгол айлаар хадгалагдаж байсан ном судрыг цуглуулан хурааж аваад оронд нь бурхны судар тавьж олгосон» гэжээ.

«Монгол, Төвдийн арван өдрийн сэтгүүл»-д бичсэн нь: «Манж, төвд хүмүүс монгол хэл мэддэггүй байснаас монгол хэлний ном судрыг үл итгэж, үе үе цуглуулан шатаагаад оронд нь бурхны судар тавьж олгодог байсан. Энэ тухай монгол, төвдийн хэрэг шийтгэх хурал дээр үргэлж маргаан үүсдэг байв» гэжээ.

П. К. Козлов бичсэн нь: «Цайдам ба хөх нуурын орчмын монголын эртний бүх ном судар, тэмдэглэл баримтыг хятадууд удаа дapaa устгаж байсан. Ийм ажил 200 шахам жил үргэлжлэн хамгийн сүүлчийн удаа 1848 онд их хэмжээгээр шатаан сүйтгэсэн гэжээ.

Монголын нийгэмд ноёлогч ангийн үзэл суртал хэдийгээр зонхилон ноёлж ирсэн боловч тухайн үед феодалын соёл цорын ганц соёл байсан нь бус болой. Феодалын соёлын эсрэг ард олны оюун ухааны бүтээл туйлын хүнд бэрх нөхцөлд ч гэсэн аривжин боловсорсоор байжээ. Иймээс монголын түүхийн арвин их хэрэглэгдэхүүн хэдийгээр ингэж удаа дараа сүйтгэж байсан боловч ард түмний соёлын өв уламжлалын үлэмжийн баялаг сан бас ч гэж бүрмөсөн үгүй болоогүй билээ[2].

[1] “Улаан алчууртан”-ы бослогын цэргүүд “Татар хүнийг үзэгдсэн газарт нь ал, Татар бичгийг дайралдсан газар нь шатаа” гэж уриалж байв.

[2] Ч.Далай Их Монгол улс