Яруу найраг

Д.Банзрагч: Хонины морь

ХОНИНЫ МОРЬ

Хонины морь хүн шиг
Хол ойрыг боддог байх
Хоёр нүдээ аньж байгаад
Хүсэл хяслыг тунгаадаг байх
Алд алдаар санаа алдаад
Адуу адуунаасарай л нэг ондоо.

 

Хурдны морьд хажуугаар нь өнгөрөхөд
Хэнэг ч үгүй ногоо зулгаана
Хазаартайгаа өвс идэж ус ууж
Хангал салхиар дэлээ илүүлнэ
Эзэнтэйгээ гэрт орох нь холгүй
Эмээлтэйгээ төрсөн юм шиг салахгүй
Аргалын утаа үнэрлэж
Айлын гадаа үүрэглэнэ
Эмээл хазаарыг нь авч
Ижил дунд нь тавихад
Хорголтой бууцан дээр хөрвөөж
Хоттой хонь бараадна
Өглөө хоньтой хамт бэлчиж
Өдөр нартай хамт нозоорно
Найман цагаантай эмээл
Насандаа тохуулж үзээгүй
Навсархай гөлөмтэй янгиа
Нуруунд нь тавихад гомдоогүй
Хонь дагаж хонь болсон
Хүн дагаж хань болсон
Хонины морь олондоо олон.
Дэл сүүлэнд нь салхи ассан
Дэлхийн алаг сүрэг
Адууныхаа хийморийг
Амгалан аашиндаа нуусан
Хонины морь минь
Хайр даахнаа ухаантай
Хал даахнаа урамтай..
Орчлонд эргэлдсэн шуурганд
Олон шөнө эмээлтэйгээ хоносон
Оломны цагаан олойртой
Миний номхон ажнай минь
Хөл өргөж дөрөөлсөн болгоныг
Халцгай нуруугаараа даасан
Хүний сайныг таньж
Харсан дороо шилгээсэн
Хүний мууг андахгүй
Хажуугаар нь өнгөрөхөд далдирсан
Хөөрхий нэгэн адуу…

Хонины морь хүн шиг
Хол ойрыг боддог байх
Хоёр нүдээ аньж байгаад
Хүсэл хяслыг тунгаадаг байх
Алд алдаар санаа алдаад
Адуу адуунаасарай л нэг ондоо.