Оюутны гадаад үгийн хэрэглээнд хийсэн харьцуулсан дүн шинжилгээ
Keywords:
хэлний соёл, Яриа болон бичиг хэл, даяаршил, хэрэглээAbstract
Чөлөөт нийгмийн хөгжил, даяаршил боловсролын салбарт нөлөөлж байгаагийн нэг илрэл нь оюутны бичгийн болон аман ярианд хэрэглэгдэж байгаа гадаад үгийн байдлаас ямар нэг хэмжээгээр харагддаг. Яриа болон бичгийн хэлэндээ гадаад үг ихээр хэрэглэх нь монгол хэлний дархлаанд муугаар нөлөөлж монгол хэл устах аюултай эсвэл тухайн хэлний үгийн сан баяжин тэлэх сайн талтай гэсэн үзэл хандлагууд байгаа нь судлах чухал асуудлын нэг юм. Дэлхийн олон хэлний мөхлийн шалтгааныг судалсан эрдэмтэн Дэвид Кристал үзэхдээ “тухайн хэлээр ярьдаг хүнгүй буюу үндэстэнгүй болбол хэл гарцаагүй мөхнө” хэмээн баталсан байдаг. Эндээс дүгнэлт хийж үзвэл тухайн хэлээр ярихгүй болбол хэл мөхдөг ярих хүн олширвол хэл хөгжиж байна хэмээн үзэж болох нь. Бид МУБИС-ийн Багшийн сургууль болон УБЭИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн 250 оюутнаас судалгааг авч тэдний хэрэглэж байгаа гадаад үгийг шинжлэх ухааны болон ахуйн хэрэглээний гэсэн 2 бүлэг асуудлын хүрээнд 10 шалгуур үзүүлэлтээр асуулга, ярилцлага, эх материалд дүн шинжилгээ хийх аргыг ашиглан судаллаа. Судалгаагаар оюутны 48% нь англи хэл хэрэглэдэг, 54% нь хоёр хэлийг хольж ярьдаг, 28% нь гадаад үг ашиглах нь буруу гэж үздэг, 42% нь харилцах зорилготой гадаад үгийг ашигладаг, 38% нь гадаад үгийг яриандаа тодорхой бодолгүйгээр, 46% нь бичгийн хэлэнд шинжлэх ухааны гадаад үгийг хэрэглэж байгаа нь харагдаж байна. Судалгааны үр дүн оюутнууд гадаад үгийг яриандаа ихээхэн хэрэглэж байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь эх хэлний цэвэр
байдлаа хадгалах, монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, төрөлх хэлний дархлааны асуудлыг анхаарахын хамтаар боловсролын үе шат бүрд болон сургалтын бүхий л үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна.